ЧИНГИСИЙН БАЙЛДАН ДАГУУЛАЛ МОНГОЛ ГҮРЭН-семинар 7

2012-10-08 12:56


 

ЧИНГИСИЙН БАЙЛДАН ДАГУУЛАЛ МОНГОЛ ГҮРЭН

 

      Чингис хаан Их Монгол улсыг үндэслэн байгуулсан тэр цагаасаа улс орноо цэргийн зохион байгуулалтанд шуурхай оруулж цэрэг ардын холбоог бэхжүүлж, аж ахуйгаа сэргээж агт морьдоо цуглуулж эхэлсэн байна. Шинэ тулгар байгуулагдсан улсын хүн ард нь сахилга дэгтэй, ажилч хичээнгүй, зориг самбаатай, хатуужил тэвчээртэй, төрөө дээдэлж эзэн хаандаа үнэнч захирагддаг байжээ. Улсын дотоод улс төр эдийн засаг богинохон хугацаанд хөгжин дээшилж эрч хүчээ авсаар байв. Ийм нөхцөлд Чингис хаан юуны өмнө хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангаж, хөрш улс орны зүгээс учрах аюулыг арилгах хэрэгтэй байлаа. Хамгийн түрүүнд Хятадын зүгээс учрах аюул түүний дотроос Зүрчидийн Алтан улсын дайралтанд өртөхөөс хамгаалж түүнтэй дайн зарлах явдал байв. Өөрөөр хэлбэл, Чингис харь улс оронд хийх аян дайны бодлого нь Алтан улсыг дайлахаас эхэлж цаашлан улам тэлж өргөжсөн юм. Гэхдээ Чингисийн гадагш цэрэглэсэн гол шалтгаан бол монголын гадаад аюулгүй байдлыг хангах, бусад орнуудтай эдийн засаг, худалдаа соёлын харилцаа холбоог хөгжүүлэх, монголд дайсагнасаар ирсэн хөрш орнуудыг номхотгох зорилготой байсанд гол нь оршиж байжээ.

§ 1. Тангудын довтолсон нь

      Тангуд улсыг хятадын судар түүхэнд “Ся” (“Ся Улс”), “Да Ся” (“Их Ся”) гэх мэтээр нэрлэн бичиж иржээ. Харин хожим Алтан улсын түүхэнд “Си Ся” (“Баруун Ся улс”) гэж бичсэн нь Алтан улсаас салбарласан Зүүн Ся улс гэгчээс ялгахын тулд тийнхүү нэрлэсэн байна. Хятадын умард нутгийн хэсгийг голдуу эзэгнэн тогтнож байсан Тангуд улс 1032 онд байгуулагдаж 1227 онд мөхжээ. Газар нутаг нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос, Алашаа, Эзэнээ нутаг болон Нинся, Ганьсу мужийн ихэнхийг тухайлбал, Хэшигийн хоолойг тэр аяар хамаарч байсан байна1.

      Тангуд улсын тухайн үеийн эзэгнэсэн газар нутгийн байршил маш чухал дорно, өрнийг холбосон торгоны замын гол зангилаа болж байв.

      Монголчууд Тангуд улсыг Хашин улс, ард иргэдийг нь Хашин иргэн, хааныг нь Хашин хаан буюу Илахуй Бурхан гэх мэтээр нэрлэж байжээ. Тэд өөрсдийгөө дээд тэнгэрийн цагаан яст улс гэж нэрлэх ч ёс байжээ. Хөх нуураас баруун чигт Хулан уулаар голдуу савласан Хашин нутгийг хятадаар “Хайши” гэдэг. Ганьсу мужийн умард зах болох энэ нутгаар одоо хүртэл монголчууд нутаглаж Хайши-гийн монголчууд гэж нэрлэгдэж байна. Түүхэнд Тангуд улс хүчирхэгжин явсан бөгөөд 1038 оноос “Да Ся” (“Их Тангуд улс”) гэж нэрлэгджээ. Тангуд улс ийнхүү хүчирхэг байх үедээ хятадын Умард Сүн улстай 7 удаа дайтаж, Кидантай хоёр том дайн хийж бас Уйгурыг бут цохиж Зүрчид, Түвэдтэй дайтаж байжээ1.

      Тангуд улс түүхээс монголчуудтай ихээхэн холбоотой байлаа. Ялангуяа, монголын хэрэйд, найман аймагтай хиллэж тэдэнтэй өргөн харилцаатай байжээ. Тангуд улс мал аж ахуй (тэмээ голдуу), газар тариалан хослон эрхэлнэ. Газар нутаг нь усжуулалт сайтай, тариа будаа их ургадаг, бас хөх, цагаан давс элбэгтэй ажээ. Тэд хивс нэхэхээр нэрд гарсан байжээ. Нийслэл нь Иргай (хятадаар Синчин) хот2 юм. Тэр үед Тангуд улс барагцаалбал 60-70 мянган цэрэгтэй байжээ3. Ямар ч гэсэн Баруун Тангуд улстай Чингисийн хийсэн дайн бол урьдаас төлөвлөсөн, тактикийн чанартай хил залгаа харь улсыг дайлсан анхны тулаан юм. Хятадын түүхийн зохиолуудад Чингис хаан Тангудыг, цаашлан Алтан улс, Киданыг дайлсныг дотоодын дайн гэдэг үзлийг хэвээр баримтлан бичиж, түүндээ ямар ч үндэслэлгүйгээр нотолгоо хийсэн нь үзэгдсээр байх бөгөөд энэ нь үндсэндээ буруу үзэл болой.

      Чингис Тангудын яагаад эхлэн дайлсан бэ гэвэл хэд хэдэн учир шалтгаантай байжээ. Түүний гол шалтгаан бол Хятадын умард нутгийн дийлэнхийг эзлэн тогтож байсан Зүрчидийн Алтан улсыг дайтахын бэлтгэл ажил болсон ажээ. Өөрөөр хэлбэл Алтан улсыг дайлах цэргийн бэлтгэл сургууль мэт ажил байв1. Юуны өмнө Алтан улсаас Тангуд улсыг салган холдуулах зорилгоор тангараг тавилцсан холбоог нь тасалж өөрийн талд татан оруулж авах; Тангудын байршил сайтай нутгийг Алтан улсын эсрэг дайнд ашиглах; Цэргийн агт морь, унаа уналга, хоол хүнсний дэмжлэг олж авах; ялангуяа Тангудын сайн чанарын хоёр бөхт улаан тэмээг ихээр олж авч ойрын ачаа тээвэрлэх хөсөгт ашиглах явдал байжээ. Ер нь тухайн үед Чингис хаанд тангудыг нэг их хүч гаргахгүй дайлах таатай нөхцөл бас бүрдсэн байжээ. Юуны өмнө тангудтай хиллэж байсан хэрэйд, найман зэрэг аймгийг нэгтгэн авснаар Их Монгол Улсын хил шууд Тангудтай хаяалах болжээ. Хэрэйд, найманчууд тангудын дотоод амьдралыг сайн мэддэг байжээ. Бас Чингис хаан Дундад Азийн худалдаачдаар дамжуулан Тангуд зэрэг улс орны дотоод байдал, цэргийн хүчин чадлыг байнга тандан мэдэж авдаг байжээ. Шинээр эмхлэн байгуулсан монголын эрэлхэг морин цэргийг Халх голын орчим нууцаар сургуулиллаж зарим үед тангудын нутагт цөмрөн орж сүр далайлгасан хээрийн сургууль ч хийлгэж байсан байна. Чингис хаан тангудыг дайлсан гол шалтгаан тийм байсан боловч дайныг үүсгэх шалтаг эрж олох хэрэгтэй байжээ. Дайн үүсэх шалтаг бас хэд хэд байжээ. Юуны өмнө нэг үе эцэг Есүгэй баатрынх нь өшит дайсан болж түүнтэй байлдаж байгаад ялагдаж тангуд улсад зугатаж очоод амь хоргодож байсан Хэрэйдийн Гүр ханыг Чингис мартаагүй санаж явжээ. Гүр ханыг орогнуулсан ял тангудын эзэнд зүй ёсоор оногдох ёстой гэж Чингис үздэг байжээ2. 1203 онд Чингис хэрэйдийг дайлж ялалт байгуулахад Ван хан Тоорил алагдаж, хүү Сэнгүм зугатаж Тангудад очоод бас тэнд орогножээ3. Эдгээр нь тангудыг дайлах дайны шалтгаан болжээ. Алтан улсыг байлдахын өмнө Чингисийн цэрэг тангудын нутагт 4 удаа цөмрөн орж дайн тулаан хийжээ. Хөхөгчин үхэр жил буюу 1205 онд Елюй Аха жанжнаар удирдуулсан цөөн тооны морин цэргийг Баруун Тангуд улсын хилээр цөмрөн оруулж хил орчим нутгаар дайн хийлгэжээ4. Энэ дайныг “Юан улсын судар”-т тэмдэглэхдээ “. . . зөвхөн айлган сүрдүүлэх чанартай дээрэм тонуул хийсэн төдий дайн юм” гэжээ1. Тэр үед тангудын эзэн Чунь Юй (1194-1205) монголын довтолгооноос нэлээд сайн хамгаалж цэргийнхээ хүчийг зузаатган бэлтгэлийг сайн хийсэн байжээ. Нийслэл хот Иргайг давхар давхар хамгаалжээ. Цэргийн их хүчийг монголын цэрэгтэй байлдуулахаар хилийн зүг илгээжээ. Энэ бүхнийг Чингис хаан урьдчилан тандан мэдэж аваад тийм байдалд тангудтай жинхэнэ дайтах нөхцөл бүрдээгүй цагт дотоод нутгаар нь гүн цөмрөн орж хий дэмий хүч тарамдсан дайн хийж болохгүй гэж үзээд цэргээ буцааж татах тушаал буулгажээ. Тангудын цэрэг дайтахаар ирэхэд монгол цэрэг нэгэнт ухран буцсан байв. Харин тангудын эзэн хаанаас монголд “тодорхой хэмжээний алба өргөнө” гэдэг эхний амлалтыг Чингис хаанд хэлүүлсэн байна. Гэтэл 1206 онд тангудын шинэ эзэн Ань-цюнь (1206-1211) болж, шинэ эзэн урьдахь эзнийхээ амлалтыг умартжээ.

 

      Улаагчин туулай жил буюу 1207 оны намар Чингис хааны цэрэг тангудыг хоёр дахь удаагаа довтлов. Дайны шалтаг бол амалсандаа хүрч алба өргөсөнгүй, бас Их Монгол Улсын далай хаанд тоомсоргүй хандсан гэж үзжээ. Гэвч дайны гол шалтгаан өөр байжээ. Юуны урьд Алтан улсын холбоотон болохгүй гэдэг амлалтыг тангудын эзэн Ань-цюны амнаас сонсож баталгаажуулах болон алба өргөх үүргээ тууштай биелүүлэхийг сануулсан явдал байжээ. Бас өөртэй нь өрсөлдөж нэг жил хаан болсон Ань-цюньд Их Монгол Улсын далай хааны нэр хүнд түүний их цэргийн сүр хүчийг үзүүлэх явдал байжээ. Гэхдээ Чингис бас л цэргийнхээ бэлтгэл сургуулийг хангах байдлаар хил орчмоор хэсэг цэрэг оруулан дайтаж, хий дэмий хүчээ барж болохгүй гэдгийг цэрэг удирдсан жанжин нартаа тушаасан байжээ. Тэр удаа монгол цэрэг Алагшаан уул, Хулан уулын орчмоор дайтан явж Чингис хааны даалгавар ёсоор газар орон, уналга хөсөг хаа байгааг тандан мэдэж авчээ. Тангудын нутагт хагас жил хүртэл байсан монгол цэрэг Чингис хааныхаа өгсөн захиа даалгаврыг гүйцэд биелүүлээд 1208 оны зуны аагим халуунаас өмнө нутаг буцжээ.

      Чингис хааны зарлигаар монгол цэрэг тангудын нутгаар ийнхүү хоёр удаа дайн хийжээ. Энэ нь шавар хотын орныг дайлах бэлтгэл байв. Чингис хаан ч жанжин цэргүүдийнхээ олж ирсэн шинэ соргог мэдээг хэрэйд, найманы зөвлөх, лалын худалдаачдын өгсөн мэдээ зэрэгтэй харьцуулан үзээд тэндэхийн байдалд нарийн дүн шинжилгээ хийж, Сэцэдийн зөвлөгөөнөөр нухацтай хэлэлцүүлсний эцэст тангудыг цэргийн их хүчээр яаравчлан дайлах нь чухал гэж үзжээ. Учир нь гэвэл Алтан улсыг удахгүй дайтахаас өмнө тангудыг дайлан өөрийн хөдлөшгүй бат холбоотон болгох нь хамгаас чухал байжээ.

      Ингээд шарагчин могой жил буюу 1209 оны намар Чингис хаан цэргээ биеэр удирдан ширүүн байлдаан хийж бут цохисноор, тангудын цэргийн жанжин Гао Лингүнийг олзлон авчээ. Улмаар тангудын цэргийн том боомт Улахай хотыг эзлэн авч захирагч Сиби овогтыг (Сяньби овогт) бас олзолжээ. Дараа нь эзэн хааны угсааны улаан залаат түшмэл Веймин Лин гүний удирдсан 50 мянган шилдэг цэргийн хүчийг монголын цэрэг амархан бут цохиж Веймин Лин гүнийг уран арга хэрэглэн бас барьж авчээ. Энэ Веймин Лин гүнийг “Монголын нууц товчоо”-нд Аша Хамба гэж бичсэн байдаг. Чингис хаан хоёрхон сарын дотор өөрийн цэрэгт нэг их хохирол хүлээхгүйгээр том ялалтыг тангуд улсын нутагт байгуулав. Их Монгол Улсын цэргийн хүчийг дийлэх аргагүй гэдгийг тангудын эзэн Ань-цюнь нүдээр үзэж биеэр амсжээ. Энэ үеэр тангудын эзэн Алтан улсаас тусламж гуйхаар элч довтолгожээ. Алтан улсын хаан тангудын элчийг хүлээн аваад “Дайснууд харилцан довтолцож байх нь манай улсад ашигтай хэрэг, бид юунд цэрэг гаргаж туслах билээ”1 гэж цэргийн тусламж үзүүлэхийг эрс татгалзжээ. Ингэж Алтан улс, Тангудын хооронд байгуулсан урьдын холбоо бүрмөсөн тасарчээ. Энэ тухай “Нууц товчоо”-нд өгүүлсэн нь: Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, “баруун гар чинь болж хүчээ өгье” гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд авчирч өгөв. Бас Бурхан өгүүлрүүн: “Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо Сүлдэт биеийг чинь хүрч ирсэнд сүрдэн их айж байна. Айн сүрдсэн манай тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье. Хүчээ өгөхдөө бид:

            “Байсан газартаа байран нутагладаг

            Шавар хотдоо шавалдан суудаг хүмүүс тул

            Хурдан аянд түргэн хөдөлж чадахгүй

            Хурц дайнд даруй мордож амжихгүй

            Хаан Чингис соёрхвол

            Хамаг Тангуд улс

            Өндөр дэрсний нөмөрт өсгөсөн олон тэмээгээ

            Өргөл болгож тусалъя

            Өөрийн гараар нэхсэн өрмөг бөс эдээ

        бэлэг болгож өгье

            Арга чадлаар сургасан анч шонхор шувуудын

            Аль сайныг хүргэе”1 гэдгээ өчье гэжээ.

      Тангудын бурхан эзэн Ань-цюнь Зүрчдийн Алтан улстай хэзээ ч холбоотон болохгүй. Харин та нар Алтан улсыг дайлбал бид тусална гэдгээ өчиж харин өөрийнхөө угсааны Веймин Лин гүн жанжныг буцааж авах талаар эвийн хэлэлцээр хийхийг Чингисээс давхар хүсчээ. Чингис хаан хүсэлтийг ёсоор болгож хааны удмын тэр том жанжин их ял хийсэн ч гэсэн тохитой байлгаж байгаад буцаасан гэдэг. Тангудын Бурханы үзэсгэлэнт охин Чага-г Чингис хаан дөрөвдүгээр хатнаа болгожээ. Ингээд Чингис хаан их хэмжээний эд агуурс, тоо томшгүй олон атан тэмээ голдуу тэмээн сүрэг туун буцсан байдаг. Тухайн үед тангудыг алба өргөх дуулгавартай хараат улс болгож чадсан боловч бүрмөсөн эзэлж засаг төрийг нь мөхөөгөөгүй билээ. Энэ бол бас л тангудын төрийг тур зуур хүндэтгэн тэдний үнэнч эсэхийг шалгах гэсэн Чингисийн алсын хараат тэвчээртэй бодлого мөн байжээ. Гэвч тангуд улс бас зүгээр байсангүй. Алтан улстай байлдаж байх завсар элдэв сиймхийг ашиглан уравлага гаргахад бэлэн болсныг Чингис хаан мэдэж байжээ. Ялангуяа, амийг нь өршөөн тавьж явуулсан Вэймин Гүн буцаж очоод Чингисийн эсрэг дайтах ажлыг зохион байгуулжээ. Ингээд Чингис хаан Хорезмыг дайлахын өмнө шар барс жил буюу 1218 оны хавар тангудыг дөрөвдөх удаагаа дайлав. Чингисийн цэрэг маш богино хугацаанд тангудыг номхотгон нийслэл Иргай хотыг бүсэлж, тангудын хааныг цээрлүүлэн Аша Хамбын омог бардам занг даржээ. Энэ удаагийн дайны гол шалтгаан бол Хорезмыг байлдахад цэрэг гарган тусална гэсэн амлалтаасаа няцсан хэмээн тангудын хааныг буруутган дайтсан ажээ.

§ 2. Алтан улсыг байлдсан нь

      Зүрчид угсааны Алтан улс (1115-1234)-ыг сурвалж бичигт хятадаар Цзинь улс гэх ба Алтан улсын нутаг нь өмнүүрээ Шар мөрөн, зүүнээрээ Сунгари мөрөн, баруун талаараа Хянган нуруунд тулж, умард хил нь монголын их говьтой зах нийлж байв. Зүрчид буюу манж нар нэг хэсэгтээ түрэг, монголын захиргаанд орж байсан удаатай билээ. Харин тэд X зуунаас Кидан гүрний харъяанд оржээ. Зүрчид аймгийн дотор нэгэн эрэлхэг зохион байгуулагч Агуда нэрт баатар төрж гарчээ. Ингээд Агуда Зүрчид аймгуудаа сэм нэгтгэн Киданы эсрэг тэмцэлд зориглон босч үргэлжлэн тэмцсээр 1114 онд Киданы төрийг үндсэнд нь түлхэн унагаж Зүрчид угсааны Алтан улсыг байгуулж 1115 онд өөрийгөө эзэн хаанд өргөмжилжээ. Монгол хэлтэн киданчууд монголын түүхтэй салшгүй холбоотой бөгөөд тэд хятадын умард хэсэгт хоёр зуу гаруй (218) жил улс байгуулж явсан түүхтэй билээ. Киданчууд улсаа Ляо буюу Төмөр улс гэж нэрлэж байжээ. Өөрөөр хэлбэл хэнд, ч ялагдахгүй хүчтэй төмөр шиг бат бэх улс гэсэн утгатай аж. Агуда улсынхаа нэрийг Алтан (Алт) гэж нэрлэсний учир гэвэл төмөр зэвэрдэг учир тийм нэртэй төр бас амархан зэвэрнэ1. Иймээс ч Киданы төмөр төр амархан зэвэрч нурав. Алт бол хэзээд ч зэврэхгүй, өнгө хувирахгүй учир миний төр улс хэзээ ч зэврэхгүй шар өнгөтэй хэвээр байх болно. Иймээс би төр улсаа тийнхүү нэрлэсэн гэж Агуда хэлж байжээ. Агуда Зүрчид нутагтаа есөн жил хаанчилж байгаад нийслэл хотоо Умард хятадын Яньжин хотоор хийжээ. 1153 онд Яньжин хотыг Чжунду (одоогийн Бээжин) хот гэж нэрлэжээ. Алтан улс Монголд нэн их халгаатай бодлого явуулсаар байжээ. В.Я.Владимирцовын бичсэнийг ишилбэл: “Чингис хаан хятад (Алтан) улсын эзэн хаантай дайтахыг улайран зүтгэх онцгой шалтгаан байсан юм. Учир нь Цзинь, түүний шадар ноёд чухамхүү умард хилээ хамгаалан бататгах зорилгоо барихдаа тал нутгийн чөлөөт хөвгүүдийг эрхшээлдээ оруулахыг хичээсэн. Ингэхдээ нүүдэлчин аймгуудыг бие биетэй нь дайсагнуулан үймээн самуун ямагт эхлүүлж байв. Тэд татаруудын гараар XII зуунд монголчуудын өвөг төрлийн эзэн ноёдыг хорлосон бөгөөд ингэхдээ тэдний ураг төрлийн сурвалжит хүмүүсийг Алтан улсын нийслэлд аваачин “модон илжиг”-т хадаж алдаг байж. Иймээс Чингис өвөг дээдсийнхээ эртний өшөөг хятадуудаас (зүрчидээс) авах, хийсэн нүглийнх нь төлөө хариуг хатуу өгөх гэдгээ хамт олон бүх хүний өмнө андгайлжээ2 гэжээ.

 

      Чингис хаан Алтан улсыг байлдахын тул тэдний дотоод байдал ялангуяа цэргийн хүчийг тандан мэдэх, хөрш холбоотон улсуудаас холбоог нь таслах, шавар хэрэмтэй хот бэхлэлтийг яаж эзлэхийг цэргүүддээ зааж сургуулилах, цэргийнхээ бэлтгэл сургуулийг эрс сайжруулах, Алтан улсаас монголыг түйвээж байсан хорт бодлогыг цэргүүддээ ярьж ойлгуулах, Түвэд, Энэтхэг, Дундад Азитай харилцах Торгоны замын гол зангилааг хяналтдаа бүрэн авах, Тангудын нутгийг дайны түшиц газар болгож ашиглах зэрэг улс төр цэрэг дайны болон эдийн засгийн зэрэг бүх талын бэлтгэлийг хангалттай хийжээ. Чингис хаан мөн Алтан улсад элч зарж дараа нь Алтан улсын элч Юньчжитэй монгол нутагтаа уулзаж байв. Алтан улсын хаан Чжанцзун 1208 онд нас баржээ. Чжанцзун хаан ширээ залгамжлах хүний нэр зааж амжаагүйг далимдуулан монголд элчээр зарагдан ирж Чингистэй уулзаж байсан Вэй Ван Юнь Чжи гэгч хаан ширээ залгамжилж, Вэй Шао ван (1209-1213) цолтой Алтан улсын долдугаар хаан болов.

      Юнь Чжи эзэн хааны суудалд суунгуутаа хуурамч сүр хүчээ юуны түрүүнд Чингис хаанд гайхуулах гэж ихээхэн сүржин үгтэй зарлиг бичиг бүхий онц элч заржээ1. Энэ үед Чингис хаан их цэргээ авч Тангудаас эх нутаг Онон мөрний эхэн тийш буцаж байжээ. Нэгэнт Алтан улсын элч ирж буйг урьдчилан мэдсэн Чингис хаан цэрэг морио түр амрааж явуулын ордоо босгон харийн элч хүлээж авах ёслолыг бүрэн гүйцэтгэхээр бэлджээ. Тэр удаа Алтан улсын элчийг хүлээж авч уулзахыг зориуд ёс журмын гадуур гүйцэтгэжээ. Учир нь гэвэл: Алтан улсын эзэн хааны зарлиг бичиг гэгчид эхлээд л тэнгэрийн хөвүүн миний энэхүү зарлиг бичгийг Чингис чи сөгдөн хүлээж авах ёстой хэмээн тушаасан байжээ. Чингис хаан элчийн байгаа газар дуртай дургүй хүрч ирж мориноосоо буулгүй зарлиг бичгийг уншуулж сонсоод элчийг эгцлэн харснаа танай шинэ эзэн хааны чинь нэр хэн гэдэг вэ? хэмээн асуухад: “За тэнгэрийн хөвүүн Юнь Чжи билээ” хэмээн элч хариулжээ. Чингис хаан тэр нэрийг сонсоод би тэнгэрийн хөвүүн гэдэг лав бусдаас онцгой хүн байх ёстой гэж санасан билээ. Юнь Чжи хаан болж хэрхэн тэнцэх буй. Би юунд түүний өмнө сөгдөн бөхөлзөх билээ хэмээн морио гуядан гэдрэг давхин одсон2 гэдэг. Тэр үед Чингис хаан өөрийн хүчиндээ бат итгэж Алтан улсыг байлдан дийлнэ гэж үзэж байжээ. Нөгөө талаар Алтан улсын хүч суларч ордны дотоод зөрчил ихсэж цэрэг ардын эзэн хаандаа итгэх итгэл суларсаар байж. Ялангуяа, Алтан улсын захиргаанд байсан кидан нар монголчуудтай үндэс угсаа, хэл яриа ойр төрөл хэмээн үзэж монголын талд орж Зүрчидийн Алтан улсын ноёрхлын эсрэг хамтран тэмцэх хүсэлтэй болсон байв. Хятадын Өмнөд Сүн улс ч гэсэн Зүрчидийн Алтан улсын ноёрхлыг эцэс болгож хятадын умард, өмнөдийг нэгтгэх бодлого баримталж байсан байна.

 

      Алтан улсын хүч тийнхүү доройтож байсан хэдий боловч Алтан улсын морин, явган хосолсон бэлтгэл сайтай дайтаж сурсан цэргийн хүчийг бас ч гэж тийм хөнгөнд үзэн басамжилж болохгүй гэдгийг Чингис хаан сайтар ухаарч дайны асуудалд их бодлоготой ханджээ.

      1211 оны 2-р сар гэхэд Чингис хаан Алтан улстай байлдах бэлтгэлийг үндсэндээ бүрэн хангасан гэж үзээд цэргээ Халх голын орчимд сургуулилж, өөрөө Хэрлэнд түр саатан биеэ амраажээ.

      1212 оны 3-р дугаар сард Чингис хаан Хэрлэн голын хөвөөн дээр онц Их хуралдай хуралдуулж Зүрчидийн Алтан улсад дайн зарлах асуудлыг хэлэлцүүлжээ. Чингис хаан өөрийн биеэр Алтан улстай дайтахын учир шалтгаан, дайны бэлтгэл хангагдсан эсэх зэргийг шалгаад дайтах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Дайн байлдааны ажлыг Их Хуралдайгаар авч хэлэлцээд хамтын нухацтай шийдвэр гаргадаг байсан нь энэхүү Их хуралдайн ажиллагаанаас тодорхой харагддаг. Чингис хаан Их хуралдай дээр Алтан улсын хаадаас эцэг дээдсийнхээ өшөөг авна гэдгээ өчиж тангарагласан байна. Мөн Их хуралдай дээр Уйгарын хаан Монголд дагаар орж хүчин тусална гэсэн хүсэлт бичгийг уншин сонсгов. Дараа нь Чингис хаан бөө мөргөлийн зан үйл ёсоор Бурхан Халдун ууланд гарч бүсээ тайлан хүзүүндээ өлгөж сөгдөн дээд тэнгэрт залбиран өчиж хэлсэн нь: “Мөнх тэнгэр ивээтүгэй. Би Охинбархаг, Амбагай хаан тэргүүтэн миний өвөг дээдсийг Алтан улсын хаан нэн харгисаар тамлан алсан билээ. Энэхүү цусан өшөө авахыг мөнх тэнгэр ивээх аваас өчүүхэн над нэгэн мөчийн хүчин соёрхохын хамт нөхцөгсдийн ариун сүнс болон эл намайг ивээн дэмжих болов уу”1 гэжээ.

      Монголчууд Алтан улсыг бүрмөсөн эзлэхдээ гурван үе шаттай дайн хийжээ. Нэгдүгээр нь 1211-1217 оны хооронд Чингис хаан өөрийн биеэр дайлсан шийдвэрлэх дайн; хоёрдугаар нь 1217-1223 онд Мухулай жанжин удирдан хийсэн дайн; гуравдугаар үе нь 1229-1234 оны хооронд Өгэдэй, Тулуй нарын удирдсан сүүлчийн мөхөөх дайн болно