Семинар-5 Хиргис Улс

2012-09-24 16:56


 

Киргисийн хаант улс

Улс төрийн түүх. Уйгурын ноёрхлыг мөхөөж Монгол нутагт түр ноёрхлоо тогтоосон овог аймаг бол киргис нар бөгөөд тэд Төв Азийн эртний ард түмний нэг болно. Киргисийн өвөг дээдсийн нэрийг олон үеийн түүх сударт гэгүнь, гянгүнь, гюуйву, гйегү, гйегйес, хакяньс, хягас гэх зэргээр дуудлага хувирган тэмдэглэсэн байх ба Орхоны Түрэг бичээст Кыргыз гэсэн байна. Тэдний тухай сурвалж бичигт МЭӨ 201 оны үеэс нэр гарах болсон нь Хүннүд эзлэгдсэн овог аймгуудын дотор гэгүнь буюу гяньгүн хэмээх улс байсан гэдэг. Тэд анхнаас зөвхөн Минусын хотгор, Енисей мөрөн төдийгүй Саяны уулсаас өмнө тийш одоогийн баруун хойт Монголын нутгаар <<Хиргис>> нэртэй нуурын орчмоор нутаглаж байсан бололтой . Төв Азид Хүннү нар хүчийг олон мандаж, улмаар МЭӨ I зууны эхэн үеэс Хакас-Минусын хотгорыг эзлэн авах үед тэр нутагт Тагарын хэмээх соёлын дурсгалыг үлдээсэн иран хэлт, европжуу төрхөт динлин нар нутаглаж байжээ. Хүннү нарын 150 жил үргэлжилсэн ноёрхлын үед тэдэнд шахагдсан гяньгүн нар Хакас-Минусын хотгорт шилжин нутагласан байна. Чухам энэ үеэс энэ нутагт динлинчүүд ба гяньгүн нар холилдон эрлийзжсэний улмаас оршин суугчдынх нь гадаад дүр төрх ихээхэн өөрчлөгдөж ирэв. Ийнхүү Хакас-Минусын хотгор, түүгээр урсах гянь буюу Кем-Енисей мөрний орчим нутаг нь гяньгүн буюу киргис аймгийн оршин нутаглах үндсэн төв нь болжээ. Овог аймгуудын энэхүү шилжилт хөдөлгөөний улмаас шаргал үст, цэнхэр нүдтэй динлинчүүд түрэг хэлт монголжуу төрхөт гяньгүн нартай уусан холилджээ . Хүн ам нь ийнхүү холимог төрхтэй болж ирсэн нь тухайн үеийн археологийн дурсгалуудаас, тухайлбал таштыкын соёлд хамаарах оршуулгын багуудаас тодорхой харагддаг. Энэ соёлын хүрээнд, нас барсан хүмүүсийг оршуулахдаа нүүрэнд нь уг хүний амьдынх нь дүр төрхийг хадгалсан баг өмсүүлдэг байжээ. Дурдсан үйл явдлаас хойш ч угсаатан холилдох үйл явц үргэлжилж байсны нэг жишээ нь Хакас-Минусын хотгорт болон орчин тойрных нь уулархаг нутгаар киргис нарын хамт угор, самоед хэлтэн овог аймгууд, зүүн хойгуур нь Енисейн адаг, Ангар мөрний эхээр кет хэлтэн нар зэрэгцэн аж төрсөөр байсан явдал юм. Киргис эртний динлингээс гаралтай болохыг илтгэх баримт ул мөр хожуу үед ч илэрч мэдэгдсээр байжээ. Тухайлбал, Тан улсын он дарааллын бичигт Киргисийн улсыг <<Хягас>> хэмээн нэрлэдэг нь царай зүснийх нь улбар өнгөөр уйгурууд тийнхүү нэрлэж байсныг хувирган тэмдэглэсэн үг болох ажээ. Уг түүхэнд тэдний өвөг дээдсийг <<кыркут>> буюу <<кыркес>> хэмээн нэрлэж байсан нь <<улаан царайт>> гэсэн үг хэмээн тайлбарласан байдаг1. Дараагийн төр улсуудын он дарааллын бичгүүдэд <<Хягас>> хэмээх үг гарахаа больж, харин <<Килигис>> хэмээн тэмдэглэх болсон нь тэдний нэрийг тун оновчтой тэмдэглэсэн хэрэг болно. Дорнод Түрэгийн хаант улсын Орхон бичгийн дурсгалуудад тэднийг өөрсдийнх нь нэрээр үнэн зөв нэрлэсэн байдаг2. Киргис нь Уйгур улсад 758 онд эзлэгдэж, 80 гаруй жил болсны сүүлийн 20-иод жилд тэдний ноёрхлыг эсэргүүцэн ширүүн тэмцсэн нь амжилттай болжээ. Киргис нь энэ тэмцэлдээ бусад аймаг улстай холбоо тогтоосон нь ялалт байгуулахын үндэс болсон байна. Тухайлбал, Араб, Түвэд, Карлукуудтай нөхөрсөг харилцаа тогтоосон байжээ. 818 оны үед Киргисийн ноён Ажо өөрийгөө хаан өргөмжлөв. Түүний эх нь Тюргешээс гаралтай, эхнэр нь Түвэдийн жанжны охин байсан тул тэрвээр эдгээр улс аймгийн аль алинтай нь ураг төрлийн холбоотой байжээ. Уйгурын хаан энэхүү бослогыг дарахаар оролдсон ч талаар болсон байна. Уйгурын эсрэг 20 жил дайтсаны эцэст тэдний хүчийг мөхөөн сулруулж чадсан бөгөөд Ажо өөрийн хүчин чадалд эрдэж, Уйгурын хаанд хандан <<Чиний хувь тавилан төгсчээ. Би чиний Алтан орд өргөөг чинь эзлэж, өмнө нь морио уяж, тугаа босгоно. Надтай тэмцэх хүчтэй бол хүрээд ир. Эс чадваас үтэр тонил>> хэмээн илгээлт явуулжээ. Ингээд Ордубалыкыг дайран эзэлж, 840 онд Төв Азийн тал нутагт ноёрхлоо тогтоож чадсан байна. Ухран зугтаж буй Уйгуруудыг нэхэн цохисоор Монгол, Зүүн гар, Дорнод Туркестаны зэрэг Төв Азийн олонхи нутгийг эрхэндээ оруулав. Киргисийн Ажо хаан орд өргөөгөө шилжүүлж Тагнын уулсаар нутаглах болжээ. Уйгурын хаант улсыг мөхөөсний дараа Киргисийн гол зорилго нь Уйгураас үлдсэн өв болох тэдний эзэмшиж байсан бүх газар нутгийг эзэмших, түүнчлэн Тан улсын хувьд тэдний эзэлж байсан эрх дархыг мөн өвлөн авах явдал байлаа. Хятадтай өмнөөс тогтоосон харилцаагаа бататгах зорилгоор Уйгураас олзолсон Хятад гүнжийг элчийн хамт илгээж байснаас гадна хэд хэдэн удаа элч төлөөлөгч явуулж байжээ. Тэдний санаархсан их гүрний бодлогод нь, Киргисийн мөрдөлтөөс зугтаж тал тал тийш дүрвэн гарсан уйгур овгийн олон саланги бүлэглэлүүд саад болж байв. Эдгээрийг байлдан эзлэхийг зорьсон ба Хятадын эрх баригчид ч Уйгурыг бүрмөсөн бут ниргэн устгах явдалд Киргисийг ямагт өдөөн хатгаж байжээ3. 847-848 онд цэрэг зэвсгээ дорно зүг хандуулж, бут цохигдсон Уйгурын үлдэгдэл хүчин амь хоргодсон Шивэй нарыг довтолжээ. IX зууны II хагасын байлдан эзлэлтийн үр дүнд Киргисүүд дорно зүгт Хар мөрний эхнээс, өрнөдөд Тэнгэр уулсын зүүн суга хүртэл газар нутгаа тэлэв. Тэдний уугуул нутаг Минусын хотгор умард хязгаар нь болжээ. Киргисүүд нь ийнхүү Төв Азийн ихэнх нутгийг эрхшээлдээ оруулсан ч тэнд удаан ноёрхож чадсангүй. Тэдний Төв Азид байсан цаг хугацаа болон энэ нутгийг орхиж явсан шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Өмнө нь Төв Азид ноёрхлоо тогтоож байсан улс гүрнүүд Монгол орны төв нутаг Орхон голын хөндийд төвлөн төр улсаа байгуулж байсан бол Киргисүүд энэ уламжлалыг дагасангүй. Тэд ерөөс энэ нутагт суурьшин идээшихийг эрмэлзээгүй бололтой. Зарим судлаач, тэдний эндээс явсан цаг хугацаа, шалтгааныг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг байна. Тухайлбал, тэд Х зууны эхэнд монгол хэлт хятан нарт хүч түрэгдэн энэ нутгийг орхиж явсан гэж үздэг . Тэдний ийнхүү явсан нь эдийн засгийн шалтгаантай байж болохыг үгүйсгэх аргагүй бөгөөд уугуул нутагтаа газар тариалан голлон эрхэлж байсан Киргис нарын ахуй нь, хэдийнээс билчээрийн мал аж ахуйд илүү тохирсон Монгол нутгийн уур амьсгалд зохимж муутай байсан нь бас нэгэн шалтгаан байсан бололтой. Ямар ч атугай Елюй Амбагян тэргүүтэй хятан нар баруун зүг давшихад киргис нар монгол нутагт байгаагүй гэдэг. Тэгээд ч хятан нар уйгурыг хуучин нутагтаа ирж суурьшихыг санал болгож байжээ.

Киргисийн аж ахуй, нийгэм, соёлын амьдрал. Киргисийн аж ахуй нь мал аж ахуй, газар тариалангаас бүрдэж байв. Тэд мал аж ахуй эрхлэх бөгөөд адуу, тэмээ, үхэр, хонь үржүүлдэг байжээ. Киргисийн булшинд нас барсан хүнийг дагалдуулж тавьсан хойлгын идээний дотор хонины яс голлож байна. Адуу бол малчин, гөрөөчин цэрэг эрсийн гол хэрэглээ байжээ. Эр хүний оршуулгаас агт морины тоног хэрэгслийн зүйл их олддог. Адуун сүргийн олон цөөн нь баян, хоосны хэмжүүр болж байжээ. Тан улсын судар түүхэнд, киргис хүн эхнэр авахдаа хэдэн зуу буюу хэдэн мянган адуу хонийг сүй болгон барьдаг тухай тэмдэглэжээ. Газар тариалан Киргисийн аж ахуйн ихээхэн чухал нэгэн хэсэг байв. Хятадын түүхэнд Киргисийн аж ахуйн талаар өгүүлэхдээ газар тариаланг мал аж ахуйгаас илүү чухалд тооцсон байдаг. Тухайн үед зээтүүт тариалангийн оронд анжист тариалан үүсч хөгжсөн байжээ. Үүний тодорхой гэрч баримт болох гадаадаас тээвэрлэн авчирч байсан анжисны ширмэн хошуу, эсвэл дотооддоо үйлдвэрлэж байсан төмөр хошуу илрэн олдог байна3. Киргисүүд нь амуу будаа, арвай, буудай Гималайн арвай, олс зэргийг тариалдаг байжээ. Тэдний уугуул нутаг Енисей, Абакан голуудын эргээр эртний усжуулах байгууламж, чулуун далан, ус урсгах суваг, шуудууны ор үлдэц хадгалагдан үлдсэн байжээ. Түүнчлэн газар тариалан сайтар хөгжиж байсныг гар тээрмийн чулуу их олддогоос харж болно. Киргисийн үлдээсэн хадны зурагт буга, гөрөөс аргаль болон үнэт үслэг анг мөрдөн агнаж буй морьтон анчдын зураг их тохиолддог. Үнэт үслэг ангийн арьсаар малгай болон язгууртан дээдэст зориулсан хувцас дээл хийдэг байжээ. Ангийн үс нь алба татвар болон гадагш гаргах эд барааны тоонд орж байжээ. Түүнчлэн шувуу агнадаг байв. Киргисүүдийн дунд гар урлал гайгүй сайн хөгжсөн байжээ. Ялангуяа металл боловсруулах ажил тэргүүн зэрэгт байлаа. Киргис нар бүх л Өмнөд Сибирийн оршин суугчдыг сумын зэвээр хангаж байсан ба эдгээрийн дотор гурван хянгат болон хавтгай, мөн далбан хэлбэрт зэвүүд байжээ. Түүнчлэн хоёр талдаа иртэй илд, чинжаал хутга, жадны гилбэр, хуягийн ялтас, агт морины олон төрлийн тоног хэрэгсэл үйлддэг байв. Киргисийн дархчууд нь анжис, хадуур, зээтүү, сүх, мужааны болон дархны ажлын бэсрэг багажийг үйлдвэрлэдэг байжээ. Тэдний байлдааны зэр зэвсэг нь нарийн хийцэт нум, төмөр хушуут сум болон үзүүр хэсэгтээ таних тэмдэг-далбаатай гилбэр жаднаас бүрдэж байв. Гарт барих том бамбай болон гар хөлд бэхэлж хамгаалах модон даруулга зэрэг хамгаалалтын хэрэгсэл байжээ. Хүлэг морьдыг ч мөн иймэрхүү хуяг даруулгаар хамгаалдаг байв. Киргисүүд нь 30-80 000 цэрэг дайчлах чадвартай байжээ1. Түүнчлэн алт, нарийн эдлэлийн урчууд, дархчууд уран нарийн хийцтэй гоёл чимэглэлийн зүйлс урладаг байжээ. Булш бунхны малтлагаас алтан болон алтадсан сав суулга олддог нь ургамлын ба амьтны дүрст хээ угалзтай байдаг. Зарим сав суулгын гоёл чимэг нь гадны урлагийн бүтээлүүдийн дүрслэл санааг агуулсан ч хийц байдлын онцлог нь орон нутгийн эдлэл болохыг харуулдаг байна. Алт, мөнгө, хүрлээр үлгэр домгийн шувуу, загас, элдэв амьтны дүрс бүхий бүсний болон морины тоног хэрэгслийн гоёл чимгийг хийдэг байжээ. Эмээлийн бүүргийг ан амьтан агнаж буй морьтон хүмүүсийн хөөмөл дүрсээр чимж байжээ. Тэдний дунд шавар сав суулга урлан бүтээх ажил ихэд хөгжсөн байлаа. Сав суулгыг тусгай оньсон хүрд ашиглан хийдэг байжээ. Хоол ундны эгэл болхи савнаас гадна саарал өнгийн шавраар өндөр бөгөөд бат бэх, өндөг хэлбэрийн их биетэй өргөн дэрэвгэр амсар бүхий суулга урладаг байсан нь <<Киргис ваар>> хэмээх нэрээр алдаршжээ. Эдгээр сав нь мөрөөрөө хээлж гаргасан гачуур хэлбэрт дардас хээтэй байдаг. Чулуу цоолборлох урлаг гайгүй сайн хөгжиж байсан нь илэрхий. Энэхүү урлаг нь эцгээс хүүд уламжлан хөгжиж байсан нь эртний бичгийн дурсгалаар нотлогддог. Ийм чулууч урчуудын бүтээлийн тодорхой жишээ бол, нас барсан хүмүүст зориулсан дурсгалын хөшөөний бичээсүүд болох ба тэд мөн хадны зургийг ч урладаг байжээ. Бусад улс түмэнтэй худалдаа арилжаа хийдэг байсан нь бичиг үсгийн дурсгал хийгээд археологийн олдвор тэргүүтнээр нотлогдож байна. Тэд Араб, Уйгур, Түвэд, Хятад, Карлукуудтай наймаа арилжаа хийдэг байжээ. Мөн гадагш нь төмөр эдлэл, түүний дотор сумын зэв, алт, үслэгийн зүйл, хус мод, бугын цусан ба ясан эвэр зэрэг зүйлс гарган арилждаг байв. Төрийн тэргүүн нь хаан байсан бөгөөд түүний дараа Бег, тархан, баатар, оглан зэрэг цэрэг дайны албан тушаалтан эрхтэн дархтнууд байжээ. Тэдэнд зориулсан хөшөөний бичээст юуны өмнө тэдний дайн байлдааны алдар гавьяа, тэрчлэн эд хөрөнгийг нь тоочин магтаж, тухайн газар орны эзэн болохыг дурдсан байдаг. Киргисийн нийгэмд баян хоосон, хүчтэй, буурайн ялгаа хурц тод илэрсэн байлаа. Нийгмийн дээд хэсгийг тоо томшгүй их мал сүрэг, эд баялгийг эзэмшсэн язгууртан дээдэс эзэлж байв. Ард олны дийлэнх нь тэр үед хаан, бег болон баатруудын бүрэн мэдэлд байсан гэж хэлэх аргагүй юм. Бичиг үсгийн дурсгалаас үзэхэд эгэл ардууд нь хаан болон угсаа сурвалжит <<эль>> хэмээх язгууртны зэрэгцээ биеэ даасан хүчин болж байжээ. Баян язгууртан бегүүд нь зөвхөн боолчууд төдийгүй ядарч хоосорсон овог төрлийнхнийгөө ч мөлжин дарлаж, өөрийн аж ахуйд ажиллуулах буюу алба татвар гувчин авдаг байжээ. Ард олны залгуулдаг бас нэгэн алба нь бегүүдийн удирдсан аян дайнд биечлэн оролцох алба байлаа. Нийгмийн хамгийн буурай ядуу, хүчин мөхөс хэсэг нь боолчууд байв. Боолыг ихэвчлэн дайн байлдааны үед, ялангуяа хөрш зэргэлдээ ой хөвчийн ард иргэнийг уулгалан дайрах явцад олзлон барьдаг байжээ. Тан улсын түүх (618-907) болон Орхоны бичгийн дурсгалуудаас үзэхэд Киргисүүд бусад улс оронд олонтаа элч төлөөлөгч илгээж, Хятад, Түрэг, Уйгур зэрэг хөршүүдтэйгээ олон удаа байлдаж тулалдаж байжээ. Киргис нь бөө мөргөлтөн байсан ба өөрсдийн бөө нарыг <<Гянь>> буюу кам гэж нэрлэдэг байв. Тал газар цугларч бөө бөөлөн лус савдаг тахидаг байжээ. 12 жилийн тоололтой бөгөөд жил бүрийг бар хулгана, нохой гэхчлэн амьтны нэрээр нэрлэдэг байв. Баяр наадам цуглааны үеэр тэмээн ба морин уралдаан зэргийг зохиодог байжээ. Бишгүүр, хэнгэрэг, цоор зэрэг хөгжмийн зэмсэгтэй байв. Эхнэр богтлон авахдаа адуу, хониор сүй бэлэг барьдаг, эрд гарсан эмэгтэйчүүд нүүрэндээ шивээс тавьдаг мөн эрэлхэг баатарлагийн тэмдэг болгож эрчүүд ч нүүрээ шивдэг байв. Оршуулгын зан үйлийн үед нүүр амаа маажиж урдаггүй. Харин нас барсан хүнийг юмаар ороож уйлан гашуудаад дараа нь шатаах ба ясыг нь цуглуулан авч, ил гадаа оршуулдаг байжээ . Киргисийн <<Чаатас>> хэмээх булшийг малтан судлахад хүний шатаасан яс олддог нь үүнийг баталдаг юм. Киргисийн утга соёлын хамгийн том ололт нь тэдний бичиг үсгийн дурсгал болно. Киргисийн бичиг үсгийн дурсгалууд өнөөгийн үе хүртэл хадгалагдан үлдсэн нь ихэвчлэн нас барсан хүмүүст зориулан босгосон хөшөөний бичээс, үнэт сав суулган дээр болон хад чулуунд бичсэн Енисейн хэмээх руни бичгийн дурсгал болно. Эдгээрээс зарим зөөлөн эд зүйл дээр ч бичдэг байсан бололтой бөгөөд модон саваан дээр бичсэн руни бичгийн зүйлс олдож байжээ. Эрдэмтэн Л.Р. Кызласовын үзэж буйгаар Енисейн руни бичиг нь Киргис нарын дунд YII-XIII зуун хүртэл хэрэглэгдэж байжээ . Киргис нар Монгол нутгийг удаан хугацаагаар эзэгнэн сууж чадаагүй тул тэдний үлдээсэн дурсгал хэмээн нягтлан тодорхойлж гаргасан зүйл хомс байдаг. Гэвч тэд энд оршин байсныг илтгэх аман мэдээ, зарим дурсгалын зүйлс хадгалагдан үлджээ. Тухайлбал, Монгол орны нутагт ялангуяа баруун хэсгээр нэн элбэг тааралдах, их чулуу овоолж, дүгрэг дөрвөлжин хэлбэрээр чулуу тойруулан өрж хүрээлсэн том булшуудыг <<Хиргисийн үүр>> буюу <<Хиргисүүр>> хэмээн нэрлэдэг юм. Монгол нутагт малтан шинжилсэн булшуудын дотор Киргисийн уугуул нутаг Енисей мөрний эхэн дунд биеэр малтан сайтар шинжилсэн <<Чаатас>> хэмээх том булштай ижил зүйл олдоогүй боловч оршуулгын зан үйл эд өлгийн зүйлсээрээ Киргисийн үед холбогдох зарим дурсгал олддог. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын орчим 1948-1949 оны орчимд Хөшөөт хужирт хэмээх газарт нэгэн булшийг малтан судалсан нь 3,6х2,2 м хэмжээтэй дөрвөлжин чулуун дараастай бөгөөд энд хүн морь хоёрыг толгойг нь баруун зүг чиглүүлэн тавьсан байжээ. Модон авсанд эсгий дэвсэж оршуулсан хүний дэргэд торгон хувцасны үлдэгдэл, модон хуйтай хутга зэрэг зүйлс байсан ба морины тоног хэрэгслээс хазаарын амгай, хүрэл болон ясан товруу зэрэг зүйлс олджээ. Энэ булшийг оршуулгын зан үйл болон эд өлгийн зүйлсээр нь Алтай болон Минусын хотгорт судлан шинжилсэн IX зууны дунд үеийн булшуудтай адилтган үзэж мөн үед холбогдох Киргисийн булш хэмээн он цагийг тодорхойлсон байна . Түүнчлэн 1986 онд Завхан аймгийн Цэцэн-уул сумын нутаг, Нахиугийн Манхан хэмээх газарт элсэн дороос нэгэн булш илрэн гарсныг XI-XII зууны Киргисийн соёлд хамаарна хэмээн судлаачид үзжээ3. Эндээс цэрэг эрийн ялтсан хуягийн үлдэгдэл, модон эмээлийн хэсэг, ухмал модон авсны үлдэгдэл, үйсэн саадгийн тасархай, алт шармал араб бичээс бүхий илдний хугархай, морь малын тоног хэрэгсэл, бусад төмөр эдлэлийн хэсэг, гоёл чимэглэлийн жижиг мөнгөн товруу зэрэг зүйлс олдсон юм. Түүнчлэн энэ үед холбогдох нэг дурсгал бол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт буй хадан дээр сийлж гаргасан морьтон баатрын зураг бөгөөд судлаачид үүнийг Киргисийн үед холбож үздэг . Киргисүүд Монгол нутагт 100 хүрэхгүй жил ноёрхлоо тогтоож байсны ул мөр, биет баримт ийнхүү үлдэж хоцорсон нь цаашид нарийн судалгаагаар улам улмаар нэмэн олдох боломжтой. Тэдний оршин байсан тухай ардын аман ярианд хадгалагдсан байдаг нь, Киргис хаан гэж байгаад булш, оршуулгаа цогцлон үйлдэж, чулуун хөрөг дүрсээ бүтээгээд нүүгээд явчихсан юм гэнэ лээ гэх домог яриа зарим нутагт уламжлан үлдсэн нь бий. Энэ нь эрт үед болж өнгөрсөн түүхэн үйл явдлын ул мөрийг хадгалжээ.

Like | Ангилал : Түүх | Нийтэлсэн : ochiroo | Уншсан (928) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих</